М банк таны мэдээллийг ингэж хамгаалдаг

M secure

2026.11.09

Бид өдөр бүр банкны апп-аар гүйлгээ хийж, төлбөрөө төлж, мөнгөө удирддаг. Харин энэ бүхний ард бидний мэдээллийг хамгаалах олон давхар систем, тасралтгүй хяналт ажиллаж байдаг гэдгийг тэр бүр анзаардаггүй. Цахим орчин өөрчлөгдөхийн хэрээр мэдээллээ хамгаалах арга ч мөн дагаад сайжрах шаардлагатай. Тиймээс М-ийн найзууд нь M secure цувралынхаа энэ удаагийн дугаарт М банк харилцагчдынхаа мэдээллийг хамгаалахын тулд ямар технологи, систем, шийдлүүдийг ашигладаг талаар танилцуулж байна.

1109 visual@2x.png

1. Олон давхар хамгаалалтын систем

Харилцагчийн мэдээллийг хамгаалахын тулд ганц хамгаалалтын шийдэлд найдах боломжгүй. Тиймээс М банк сүлжээний хамгаалалт, төхөөрөмжийн хамгаалалт, хортой программ илрүүлэх систем зэрэг олон төрлийн хамгаалалтыг зэрэг ашигладаг. Эдгээр хамгаалалт нь мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтрэх оролдлогыг өөр өөр түвшинд илрүүлж, эрсдэлийг хязгаарлахад чиглэдэг. Мөн банк сэжигтэй үйлдэл, хэвийн бус хандалтыг 24/7 тасралтгүй хянах систем ашигладаг бөгөөд ингэснээр болзошгүй эрсдэлийг эрт илрүүлж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авах боломж бүрддэг. Өөрөөр хэлбэл, мэдээллийн аюулгүй байдал гэдэг нь зөвхөн асуудал гарсан үед арга хэмжээ авах бус, эрсдэлийг урьдчилан илрүүлж, зөвшөөрөлгүй нэвтрэх оролдлогоос сэргийлэх тасралтгүй үйл явц юм.

2. Аюулгүй байдлын зөрчил илэрвэл яах вэ?

Хамгаалалтын системүүдийн хяналтаар сэжигтэй үйлдэл, мэдээллийн аюулгүй байдлын зөрчил илэрсэн тохиолдолд М банкны мэдээллийн аюулгүй байдлын баг шуурхай ажилладаг. Эхлээд зөрчлийг илрүүлж, эрсдэлийг хязгаарлахын тулд тухайн үйл ажиллагааг тусгаарлан зогсооно. Үүний дараа шаардлагатай мэдэгдлийг хүргүүлж, асуудлыг арилгах, системийг хэвийн байдалд сэргээх арга хэмжээ авдаг. Мөн зөрчил юунаас үүссэнийг шинжилж, дахин давтагдахаас сэргийлэх арга хэмжээг тодорхойлдог. Ингэснээр мэдээллийн аюулгүй байдлын баг зөвхөн тухайн асуудлыг шийдвэрлэхээс гадна гарсан зөрчлөөс суралцаж, цаашдын хамгаалалтыг сайжруулахад анхаардаг.

3. Эрсдэлийг урьдчилан илрүүлэх нь

Аливаа системийн аюулгүй байдлыг хангахын тулд халдлага гарахыг хүлээх бус, болзошгүй сул талыг урьдчилан илрүүлэх нь чухал. Үүний тулд М банк эмзэг байдлын үнэлгээ болон нэвтрэлтийн тест буюу VAPT аргыг ашигладаг. Эмзэг байдлын үнэлгээ нь систем, сүлжээ болон холбогдох хөрөнгөд мэдэгдэж буй сул талуудыг илрүүлэхэд чиглэдэг. Харин нэвтрэлтийн тестээр зөвшөөрөлтэй мэргэжилтнүүд бодит халдлагын арга барилыг дуурайлган туршиж, системийн хамгаалалтад ямар сул тал байгааг шалгадаг. Илэрсэн эмзэг байдлыг эрсдэлийн түвшнээр нь ангилж, аль асуудлыг нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатайг тодорхойлох боломжтой. Энэ нь болзошгүй эрсдэлийг эрт илрүүлж, хамгаалалтын арга хэмжээг тасралтгүй сайжруулахад чухал үүрэгтэй юм.

4. Олон улсын стандартын шаардлага

Мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь зөвхөн технологийн шийдлээр хязгаарлагдахгүй. Мэдээллийг хэрхэн удирдах, эрсдэлийг хэрхэн үнэлэх, ажилтнууд ямар зарчмаар ажиллах зэрэг байгууллагын үйл явц, хариуцлагыг бүхэлд нь хамардаг. М банк нь мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 27001 олон улсын стандартыг нэвтрүүлсэн. Тус стандарт нь байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг системтэйгээр удирдах, хамгаалалтын үйл явцыг тасралтгүй сайжруулахад чиглэдэг. Мөн төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлыг хангах PCI DS стандартын шаардлагуудыг хэрэгжүүлэх чиглэлээр үе шаттай ажиллаж байна. Эдгээр стандартын шаардлагыг хангах ажил нь мэдээллийн аюулгүй байдлыг зөвхөн техникийн түвшинд бус, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаатай уялдуулан бэхжүүлэхэд чиглэдэг.

Та М банкны апп-г ашиглахдаа гүйлгээгээ хурдан хийх, төлбөрөө төлөх, мөнгөө удирдахад л анхаардаг байж магадгүй. Харин энэ бүхний цаана таны мэдээллийг хамгаалах олон давхар шийдэл, тасралтгүй хяналт, эрсдэлийг урьдчилан илрүүлэх системүүд чимээгүйхэн ажиллаж байдаг юм шүү. Мэдээллийн аюулгүй байдал нэг удаагийн ажил биш. Харин өдөр бүр хөгжүүлж, сайжруулж байх ёстой бидний хариуцлага юм. Таны санхүүгийн тайван хэрэглээний ард М-ийн найзуудын тасралтгүй хамгаалалт байдаг учраас дижитал санхүүгийн үйлчилгээгээ итгэлтэй ашиглаарай.

Asset 1.png

Валютын ханш

Валют

Нэр

Албан ханш

Бэлэн бус авах

Бэлэн бус зарах

Дээрх ханш нь мэдээллийн зорилготой бөгөөд интернет банкны тухайн мөчид мөрдөгдөж буй ханшаар валют арилжааны гүйлгээ хийгдэхийг анхаарна уу.

Валютын ханш болон холбоотой асуудлаар дараах хаягаар холбогдоно уу.
Цахим хаяг: Treasury@m-bank.mn

Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар хот-14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сентрал Тауэр, 15-р давхар

Утас: 1800 2929
hello@m-bank.mn

Бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл

М community-д нэгдээрэй

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2026. М банк